Залуучуудаа, монгол хүн буруу ярьж зөв ойлгодог гэдэг. Харин ДОХ-той холбоотой асуудлаар бид маш их буруу ярьдгийг чи мэдэх үү. Тэгвэл эндээс юу нь буруу, юу нь зөв болохыг мэдэж аваарай.
ХДХВ/ДОХ-той холбоотой зохистой үг хэллэг
Хүний Дархлал Хомсдолын Вирус -зөв
ДОХ-ын Вирус - буруу
ХДХВ-ийн халдвар – зөв
ДОХ-ын халдвар – буруу
ДОХ-ын - зөв
Аймшигт ДОХ –буруу
“...Хүн төрөлхтөний хувьд 20 –р зууны аймшигт тахал болсон өнөөх ДОХ гэгч чимээгүй дайн алтан хилийн минь цаана хаалга тогшино...“
“20-р зууны тахал”- ДОХ-ын эпидем эхлэх үеэс хүмүүс тухайн өвчний дамждаг зам, учир шалтгааны талаар мэдэхгүйгээс болж сохор айдаст автаж байх үед дэлгэрч байсан сэтгүүлчдийн өгсөн гэж болох хуучирсан энэ үг одоо хүртэл хэвлэл мэдээлэлээр дамжин хүмүүсийн дунд тэнүүчилсээр байдаг. “ХДХВ-ийн халдварын тархалтыг тахалтай холбох нь тийм ч оновчтой зүйрлэл биш юм. Тархах замын хувьд ч ялгаатай, тухайлбал тахал нь агаар дуслаар эсвэл шимэгч паразит нянгаар дамждаг. Харин ДОХ-оос хүн өөрийгөө сэргийлэх бүрэн боломжтой” гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг. ДОХ-ыг тахалтай зүйрлүүлсэн нь ДОХ-ыг үзэн ядах үзлийг даамжруулж, бараг л дундад зууны үеийнх шиг айдас төрүүлэх, шуугиан тарьсан үгийн уршиг ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийг ялгаварлан гадуурхах, нийгмээс тусгаарлах сөрөг үзэгдлийг дэвэргэсээр байх болно. Тахал бол хүмүүс биш.
“Аймшигт өвчин”- Тархалт эхэлснээс хойш хугацаанд хүмүүсийг айлгаж цочоож ирсэн уламжлал нь хэнийг ч аварч байсангүй, хэн ч ухаарч явсангүй. Харин ч эсрэгээр зарим хүнийг асуудлаас хол тойруулж, заримыг нь сэтгэлийн дарамт шаналалд унагаж байлаа. Айдас бол муу туслагч. Айдас хүйдэс нь эрүүл ухаанаар сэтгэн бодож, шийдвэртэй алхам хийхийн оронд сэтгэл санааг зэрэмдэглэн, эрх чөлөөг хязгаарлаж байдаг хэрэггүй зүйл гэдэг нь тодорхой. ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүс, тэдний төлөө санаа зовж яваа ойр дотныхны хувьд ямар хүнд хэцүү тусч болохыг бодох цаг болжээ. Өвчнөөс илүү ялгаварлан гадуурхах, гутаан доромжлогдох, урьдчилан сэргийлэх болон үр дүнтэй, бодитой байгаа эмчилгээг хүртэж чадахгүй байхад түлхэж байгаа нь илүү аймшигтай зүйл болоод байна. 2002-2003 оны ДОХ-ын эсрэг дэлхийн кампанит ажил нь “Ялгаварлан гадуурхалт, гутаан доромжлолын эсрэг” явагдаж байгаа бөгөөд энэ нь анхаарал тавих гол асуудал болсоныг илтгэсэн хэрэг юм.
“ДОХ-ын халдвар”- энэ тохиолдолд ХДХВ-ийн халдвар гэж ярих нь зөв бөгөөд учир нь ХДХВ тээгч хүн хэдэн жилийн туршид бусад хүмүүсийн адилаар ажиллаж, амьдарч явж чадна. Харин тодорхой хугацааны дараа ДОХ-ын шатанд шилжих үед өвчний эмгэг шинжүүд илэрч гардаг. Өөрөөр хэлбэл Вирусээр халддаг халдвар гэдгийг санах хэрэгтэй. Орчин үеийн вирусийн эсрэг эмчилгээний зорилго нь ХДХВ-ийн халдварыг ДОХ-ын үе шатанд шилжүүлэхгүй байхад анхаарч байдаг.
“ДОХ-оор өвдсөн”, “ДОХ-той өвчтөн” гэж ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг өвчнийх нь өнцгөөс нэрлэхээс зайлсхийх нь зөв юм. Харин эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн хүмүүсийн хүрээнд тухайн хүн ДОХ-ын шатанд орсон, өвдсөн тохиолдолд “ДОХ-оор өвдсөн хүн” гэж зөвхөн өвчинтэй нь холбоотойгоор хэрэглэж болох талаар НҮБХХ-ийн зөвлөмжид ч дурьдсан байсан. Одоо үед дэлхий даяараа “ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүс” /PLWHA/гэдэг хэллэгийг хүлээн зөвшөөрч хэрэглэх болжээ. Мөн “ДОХ-ын асуудалд өртсөн хүмүүс” гэдэг үгийг хэрэглэдэг. Үүнд зөвхөн халдвартай хүмүүс төдийгүй тэдний гэр бүл, ойр дотныхон зэрэг ХДХВ –ийн халдваргүй хүмүүс хамаарагдана. ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг халдвартай, өвчтэй гэж дуудах нь тэдэнд ямар сайхан байх билээ. Юу ч хийж чадахгүй, удахгүй үхэх хувь тавилантай, хүмүүс мэт ялгаварлаж доромжилсон байдлаар нэрлэхийг тэд тэвчиж чадахгүй. Дэлхий дахинд ХДХВ/ДОХ-ын халдвартай олон мянган хүн амьдрал, эрүүл мэнд, хүний эрхийнхээ төлөө идэвхтэй тэмцэж, бусад хүмүүсийг сэргийлэхэд ч тусалж байна. Тэдний хүч чармайлт, санаачлагын үрээр ХДХВ/ДОХ-ын урьдчилан сэргийлэлт, эмчилгээний салбарт амжилт гарсаар байгаа билээ.
“Эмзэг бүлэг”-ДОХ-ын эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хүмүүсийн хувьд аль хэдийн хэрэглэхээ больчихоод байгаа хуучирсан, ялгаварлан гадуурхсан хандлага бүхий үг хэллэг. ДОХ баян, ядуу, хөгшин, залуу хэнийг ч ялгаварладаггүй бөгөөд түүний өмнө бүгд “эмзэг бүлгийнхэн”. Гэтэл хүмүүсийн дунд эмзэг бүлгийнхэн гэж ад үзэгдэж, гадуурхагдсан нэртэй өнөө хэдэн, тусдаа хүмүүс л өвддөг өвчин, энэ өвчин надад хамаагүй, би тусахгүй гэсэн буруу ойлголт газар авсан байдаг биш үү. Харин аливаа өвчний эрсдэл нь ямар бүлэгт хамаарч байгаагаас хамаарахгүй харин тухайн хүний биеэ авч явах зан үйлтэй илүү холбоотой юм. Нийгмийн зарим бүлгийн хүмүүс ядуурал, ажилгүйдэл, архидалт, биеэ үнэлэх гэх мэт үзэгдлээс шалтгаалж аюулгүй байдлаа хангаж, хамгаалж чадахгүйгээс ХДХВ-д илүү өртөмтгий байж болно. Өөрөөр хэлбэл энэ тохиолдолд хүмүүсийн хувьд “өртөмтгий зан үйл, дадал зуршил” гэж авч үзэх илүү тохирно. Одоо үед ХДХВ/ДОХ урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүд нь эрсдэлтэй буюу өртөмтгий зан үйл бүхий сонгосон буюу зорилтот бүлгүүдтэй тулж ажилладаг туршлага бий болжээ. Та энэ сэтгүүлийн “Тоо баримт” буланд ЮНЭЙДС, ДЭМБ-ийн гаргасан дэлхийн хэмжээний тархалтын хүснэгт болон доорхи тайлбарыг үзнэ үү. Тэндээс та ХДХВ/ДОХ-ын халдварын тархалтын гол дамжих замуудын хувьд гетеросекс буюу хамгаалалтгүй бэлгийн хавьтал, мансууруулах бодис судсаар хэрэглэх, эрэгтэй хүн эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орох зэрэг нь эрсдэлтэй зан үйлд орж байгааг харсан байх. Үүнтэй уялдаад дараахь тайлбаруудыг хийх хэрэгтэй юм.
“Ижил хүйстэнүүд”, “Гомо”, “Гаж донтонгууд”- эдгээр үг хэллэг нь ижил хүйсийн хүмүүс хоорондын бэлгийн харилцаа гаж үзэгдэл, гаж буруу үйлдэл , сэтгэцийн өвчин гэж үзэж, үүнийг эмчлэх оролдлого хийж байсан үед гарч ирсэн ялгаварлан гадуурхалт, доромжлол ханхалсан үгс гэж болно. Хүний бэлгийн чиг хандлага нь гетеросекс, гомосекс, бисекс байдаг тухай ойлголтыг хүмүүс мэддэг. Мөн бид англи үгнээс “гей” гэдэг үгийг авч хэрэглэдэг болсон. Харин дэлхий нийтийн чиг хандлагад ДОХ-той холбоотой мэдээлэл, баримт бичигт “эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд ордог эрчүүд”/МSM/ гэдэг нэрийг мэргэжлийн хүмүүсийн хүрээнд өргөн хэрэглэдэг болжээ. Учир нь гомосекс тэд өөрсдийгөө тэр болгон гей буюу зөвхөн эрэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд ордог гэж зөвшөөрдөггүй байна.
“Мансуурагч, хар тамхичин ” – Энэ бол мэргэжлийн бус, ярианы гэж болох болхи үг хэллэг. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “Мансуурах дон” гэсэн нэр томьёог хэрэглэхийг зөвлөсөн байдаг. “Мансуурах дон ” гэдэг нь “мансуурах бодисын хамаарал, хараат байдал орсон хүн” гэдэг нь эмнэлэг, анагаах ухаанд илүү хамаатай өвчтөний хувьд авч үзсэн нэр томьёо. Харин “Мансууруулах бодис хэрэглэгч” эсвэл “хэрэглэгчид”гэх нь илүү тодорхой, төвийг сахисан нэр болж чадна.


