И-мэйл Хэвлэх PDF

Magic Johnson:” ХДХВ-тэй гэдгээ эхнэртээ хэлсэн мөч миний амьдралын хамгийн хүнд, хэцүү үе байсан”

Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгийн түүхэнд нэр алдараа түгээсэн чадварлаг тоглогч Earvin Magic Johnson 1959 оны 8-р сарын 14-нд Мичиганд мэндэлжээ. Тэрээр 1979-1991 болон 1996 онуудад NBA Los Angeles Lakers багт довтлогч хамгаалагчийн үүргийг гүйцэтгэдэг байлаа. Сагсан бөмбөгийн түүхэнд тус баг нийтдээ 5 удаагийн аваргаар шалгарч байсан юм. Тэрээр ХДХВ-тэй гэдгээ дэлхий нийтэд зарласан алдартнуудын нэг бөгөөд эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар энэ аймшигт өвчиний эсрэг тэмцэж Мэйжик Жонсон Санг байгуулан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа нэгэн билээ.

ХДХВ илэрсэн хүнд үе

Жонсон анх 1991 оны 11р сард тэмцээний өмнөх шинжилгээнд хамрагдсанаар өөрийгөө ХДХВ-ын халдвартай гэдгээ мэдсэн гэдэг. Тухайн үедээ энэ мэдээг эмчээс сонсоод айж балмагдан цочирдожээ. Тэр ХДХВ/ДОХ -г зөвхөн ижил хүйстэнүүд л авдаг гэсэн ойлголттой байсан төдийгүй энэ аймшигт өвчинөөр хэзээ ч өвчилөхгүй хэмээн бодож явжээ. Хамгийн аймшигтай нь тэр эхнэр Күүкитэйгээ гэрлээд удаагүйн дээр тэдний анхны хүүхэд мэндэлхэд хэдхэн сарын хугацаа үлдээд байсан юм. Эмчийн зөвлөснөөр тэр ХДХВ-ын халдвараа ДОХ болгон хүндрүүлэхгүйн тулд сагсан бөмбөгөө орхиж, эмчилгээнд явж, нарийн дэглэм барих ёстой болжээ. Гэхдээ агуу тоглогч юу юунаас илүүтэй уг вирус түүний хайртай эхнэр болон удахгүй төрөх хүүхдэд нь халдсан эсэхийг мэдэхийг хүсч байлаа. Эмч нар эхнэрт нь шинжилгээ хийхээс нааш мэдэх боломжгүй гэж хэлсэнээр Мэйжик Жонсон хөл хүнд эхнэртээ аймшигт мэдээг дуулгахаар гэрийн зүг жолоо мушгисан байна.

Гэр бүлийн амьдралаа хадгалж үлдэхээр шийдсэн эхнэрийн уучлал

Түүнийг гэртээ ирхэд эхнэр нь ямар нэг муу юм болсон гэдгийг царайнаас нь анзаарчээ. Эхнэртээ өөрийгөө ХДХВ авсан гэдгээ хэлхэд эхнэр нь юу ч хэлэлгүйгээр түүнийг тэврээд уйлсан гэдэг. Хөл хүнд эхнэрээ тэврэн аргадаж байхдаа Мэйжик Жонсон өөрийг нь орхих санал тавьжээ. Хожим эхнэр нь энэ талаар хэлэхдээ “ ХДХВ-тай гэдгийг нь мэдсэн ч надад нөхрөө орхих бодол огтхон ч төрөөгүй. Бид хамт байж, энэ өвчинг хамтдаа давж гарах ёстой гэдгийг л би гарцаагүй мэдэж байсан” гэжээ. Ингээд 2 долоо хоногийн дараа тэд эхнэр болон гэдсэн дэх хүүхэд нь эрүүл гэсэн сайхан мэдээг сонссон юм.”Чи ямар нэг алдаа хийсэн бол ойр дотныхоо хүмүүсийн зүрхийг шархлуулна. Гэхдээ тэднээс уучлалт хүлээн авсан бол дахиж тэр алдаагаа хэзээ ч давтахгүйн төлөө зүтгэх хэрэгтэй” хэмээн Жонсон хэлэх дуртай.

Дэлхийн нийтэд ХДХВ-аар халдварласан гэдгээ нээлттэйгээр мэдэгдэв

Нэр алдар, амжилт, эрч хүчээр дүүрэн явсан тэрээр 1991 онд дэлхийн нийтэд ХДХВ авсан гэдгээ зарлахад сагсан бөмбөгийн хорхойтнууд, спорт сонирхогчид цочролд орсон юм. Тэрээр энэ аймшигт өвчинг хэрхэн, яаж авсан гэдгээ олон нийтээс нуугаагүй билээ. ХДХВ илэрсэн гэж мэдэгдсэнийхээ дараа түүнийг хэнээс, ямар замаар авсан нь олон хүний сонирхолыг татаж байсан бөгөөд тэр энэ асуултанд хариулт өгөхдөө “Спортын карьер өндөрт өсч байх үед олон секс хамтрагчтай байсан төдийгүй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орсноос болсон” хэмээн мэдээлсэн юм. Ингээд тэр өвчинөөсөө болж онцгой дэглэм барих хэрэгтэй болсон учраас сагсан бөмбөгөө орхихоор болсон тухайгаа хэвлэлийн хурлаар зарласан юм.

Мэйжик Жонсонгийн “ид шидтэй” гэр бүл

1981 онд Мэйжик Жонсонгийн анхны хүү Андрэ Жонсон дотно харилцаатай байсан Мэлиса Митчэл хэмээх эмэгтэйгээс мэндэлжээ. Гэвч хүү ээжтэйгээ хамт амьдардаг байсан бөгөөд зуны амралтаа аавынхаа гэр бүлтэй өнгөрүүлдэг байжээ.1991 онд Мэйжик Жонсон Эрлита Күүки Келлитэй гэр бүл болж тэдний дундаас Эрвин хэмээх хүү мэндэлжээ. Хүүг төрхөөс хэдэн сарын өмнө Жонсон өөрийгөө ХДХВ-тэй гэдгээ мэдсэн учраас дахин хүүхэдтэй болох боломжгүй болсон юм. Гэсэн хэдий ч тэд 1995 онд Элиса хэмээх охиныг үрчилж аван өнөр өтгөн, аз жаргалтай амьдарч байгаа билээ.

Мэйжик Жонсон Сан

“Мэйжик Жонсон Сан”-г Мэйжик Жонсон болон түүний эхнэр Күүки нар 1991 онд байгуулсан бөгөөд жил бүр 250 мянган олон нийттэй харьцаж үйл ажиллагаагаа явуулж иржээ. Тус сан нь уг өвчинөөс урьдчилан сэргийлэх, халдварт олон нийтэд дэмжлэг үзүүлэх, ХДХВ /ДОХ -ын хүрээг багасгах бүх талын дэмжлэг туслалцааг үзүүлдэг сан юм.

” Залуусын хувьд секс гэдэг бол зайлшгүй байх ёстой зүйл. Гэхдээ залуусыг аюулгүй секс хийгээсэй гэж би хүсдэг. Аюулгүй секс гэсэн мессэжийг би хамгийн эхэнд залуусдаа уриалмаар байна. Хэрвээ та энэ мессэжийг хүлээж авахыг хүсэхгүй байвал та өөрийгөө болон өөрийнхөө хамтрагчийг хамгаалахгүй байна гэсэн үг. Аюулгүй сексийг эрхэмлэ. Түүнчлэн ХДХВ- ын талаархи мэдээллийг цаг алдалгүй уншиж өөрийгөө энэ тал дээр боловсруулах хэрэгтэй. Энэ бол хамгийн чухал зүйл. Сүүлийн үед энэ вирусыг тээгчдийн нас нь харьцангуй залуужиж, уг аймшигт өвчний золиос нь болсоор байгаа. Надад тохиолдсон зүйл залуу үед тохиолдоосой гэж би хүсэхгүй байна. Мэдээлэл хир их байна тэр чинээгээр хүн зөв шийдвэр гаргаж чаддаг.

Юуны түрүүнд залуус өөрсдийгөө боловсруулж, зөв мэдээлэл авах хэрэгтэй. Чанартай сайн боловсрол таныг хүссэн зүйлд чинь хүргэж чадна. Дээр нь өсвөр үеийнхэн маш томоор мөрөөдөх хэрэгтэй. Хэрвээ та нар том мөрөөдөхгүй бол хэзээ ч амжилтанд хүрч чадахгүй гэдэг үгэнд би үнэхээр их итгэдэг. Би бага байхдаа NBA-д тоглоно гэж мөрөөддөг байсан. Би бизнесмэн болно гэж мөрөөддөг байсан. Тэгээд юу болсоныг хар л даа. Бурхан надад бүгдийг өгсөн. Залуус та нарт ч бас өгнө гэдэгт би итгэж байна ” Мэйжик Жонсон.

Сүүлд шинэчлэгдсэн ( 2012 оны 1-р сарын 04, Лхагва гариг, 10:27 )