ДОХ-той тэмцэнэ гэдэг нь ДОХ-той хүнтэй “үзэлцэнэ” гэсэн үг биш

И-мэйл Хэвлэх PDF

Гутаан доромлох, ялгаварлан гадуурхахын эсрэг бид юу хийж чадах вэ? ХДХВ/ДОХ-той холбоотой ичгүүр гутамшгийг ЭВ НЭГДЭЛ, айдас хүйдсийг ИТГЭЛ НАЙДВАР болгон хувиргая. Мэдлэггүй байдал, шударга бус явдалтай хамтын хүчээр ТЭМЦЭЕ. ХДХВ/ДОХ-ын улмаас зовж шаналж буй хүмүүсийн амьдралд дэм өгч ТУСЛАЯ.

“Хүмүүсээ ! Би бол “энэ ертөнцөд чи хэрэггүй, та нарын хувьд үхэл бол цаг хугацааны асуудал” гэж хэлүүлсэн хэдэн сая хүний нэг нь билээ. Тиймээ, би ХДХВ-ийн халдвартай...Энэ тухай олон хүн мэдээд амьдаар минь “булшилсан”. Гэвч яагаад тэр вэ? Би энд та нартай байж л байна шүү дээ, хэн намайг амьдралд зүгээр л буугаад өгнө гэж хэлсэн юм бэ? Үгүй ээ ! Харин ч үгүй шүү. Би амьдралынхаа өдөр бүрийн төлөө, цаг мөч бүхний төлөө тэмцэх болно. Би чинь зөвхөн 20 хон настай шүү дээ. Магадгүй одоо л би амьдралын утга учрыг ухаарч эхэлж байж болно. Гэтэл миний хэр удаан амьдрахыг бараг тоолоод өгчихсөн байдаг. Би хайрлаж дурлахыг хүсч байна, охин хүү хоёртой болмоор байна. Намайг хүн хайрлаасай гэж чин сэтгэлээсээ хүснэ. Хамгийн гол нь би энэ бүхнийг миний амьдралд тохиолдоно гэдэгт маш их итгэж явдаг. Таныг намайг айсан, өрөвдсөн харцаар битгий ширтээсэй, битгий үзэн ядаасай гэдгийг л хүснэ. Би ингэж амьдрах бүрэн эрхтэй, яагаад гэвэл би бусдын л адил ХҮН”

Өнөөдөр дэлхий дээр өдөр бүр 16 000 хүн ХДХВ-ийн халдварыг шинээр авч байна. ХДХВ/ДОХ-той хүмүүс өөрсдийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, хувь хүмүүс болон нийгмийн зүгээс янз бүрийн хэлбэрээр ялгаварлан гадуурхагдах, нүд үзүүрлэгдэх үед илэрсээр байгаа билээ. ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа хүмүүсийг сүнс сүг, аймшигт амьтан мэтээр төсөөлж, тэднээс нүүр буруулах явдал газар сайгүй байна. ДОХ-оос урьдчилан сэргийлж болно, ДОХ нь ахуйн хавьтлаар халдварладаггүй, халдвартай хүмүүс бусдын адил амьдарч чадна гэх мэт ДОХ-ын тухай үнэн зөв мэдээллийг хүмүүс хэр зэрэг мэдэж байдаг вэ ? Бидний амьдарч буй орчин, эргэн тойронд ХДХВ/ДОХ-той хүмүүсийн хувьд хүнлэг, таатай уур амьсгал байна уу гэдгийг өөрсдөөсөө асууна уу.

ХДХВ/ДОХ-той хүмүүсийг буруу ташаа ойлгох, цэрвэх, зэвүүцэх, дайсагнах хандлага элбэг тохиолддог болохоор тэд сэтгэлийн ихээхэн зовлон, бэрхшээл, дарамтанд байдаг. ДОХ-той тэмцэх үйлсэд хамгийн их саад болж байгаа үзэгдэл бол энэхүү ялгаварлан гадуурхах, гутаан доромжлох, ХДХВ/ДОХ-той хүмүүсийн хүний эрх зөрчигдөх явдал юм.

ХДХВ/ДОХ-той холбоотой ялгаварлан гадуурхалт нь дараах нөхцөлд оршсоор байна:

· Эрүүл мэндийн системд

· Гэрлэлт, гэр бүлийн хүрээнд

· Шоронд

· Ажлын байранд, хөдөлмөр эрхлэхэд

· Шүүх засаглал, эрх зүйн орчин, хууль эрхийн хүрээнд

· Боловсрол эзэмшихэд

· Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд

· Нийгмийн халамж, даатгалд хамрагдахад

· Аялан жуулчлах, цагаачлахад

· Ертөнцийн мөнх бусыг үзүүлсний дараа ч үргэлжилсээр байна.

Олны дунд дараах буруу үзлүүд ноёрхож байна:

ДОХ-ын бэрхшээл нь зөвхөн нийгмийн цөөнх бүлэг хүмүүст хамаатай

ДОХ бол бурхны гэсгээлт

Өвчин туссан нь халдвартай хүмүүсийн өөрсдийнх нь буруу

Бүх хүмүүс л үхдэг, тийм учраас энэ тухай санаа зовоод байх зүйл юу байна

ДОХ бол хар хүмүүсийн өвчин гэх мэт.

Энэ хүмүүс бусдын адил эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа бөгөөд больницын ажилтнууд ч халдвар авчих вий гэж утгагүй айж байна.

Энэ хүмүүс боловсрол эзэмших, ажил бизнес эрхлэхэд таатай боломжоор хангагдахгүй байна. Ажил албандаа өсөж дэвшихийг төлөвлөж чадахгүй байсаар...

Энэ хүмүүс бусдын адил шүүхийн хамгаалалтыг авч чаддаггүй, хүчирхийлэлээс ангид, хуулиар хамгаалуулах нь дутмаг.

Мансууруулах бодис хэрэглэгчид, ижил хүйстэн буюу гомосекс, биеэ үнэлэгч нарыг бурхнаас гэсгээгдсэн буруутай хүмүүс гэсэн үзэл шингэсэн.

“Тэртээ тэргүй удахгүй үхэх хүн” – тэй яагаад бид ажиллах, дэмжих ёстой юм гэсэн үзэл ажлын талбарт ноёрхож байна.

Энэ хүмүүс эмчилгээний төлбөр өндөр, эмийн фирмүүд хөгжиж байгаа орнуудад эмийн үнээ багасгахыг хүсэхгүй байгаа зэргээс вирусийн эсрэг эмчилгээ, эм хэрэгсэл хүртэх боломжгүй байна.

Энэ өвчнийг тойрсон гутаан доромжлох байдал нь соёл ба шашны итгэл үнэмшил эсвэл мэдлэг боловсрол дутуугаас болж гардаг. Мөн хэн нэгнийг буруутгах “хэрэгцээ шаардлагаас” ч үүсдэг. Гэхдээ хувь хүмүүсийг буруутгаснаар, олон нийт ба засгийн газрууд өөрсдөө үүрэг хариуцлага хүлээж, үйл ажиллагаа явуулж чадахгүйд хүрэх юм. Засгийн газрууд улс орондоо тархаад байгаа тахлын хэмжээг илчлэхээс татгалзах байдал ч үүсч болох юм. Вирус тээж яваа хүмүүс үүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй болно. Тахал байна гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь маш аюултай бөгөөд вирусийг тархахад “гал дээр тос нэмэх” мэт нөлөөлдөг.

Халдвартай хүмүүсийг асрах ажлаа улам сайжруулж, эрсдэлтэй хүмүүсийг халдвар авахаас урьдчилан сэргийлэх ажлаа чанаржуулахын тулд ДОХ-той холбогдон үүсдэг нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх ёстой. Үүний тулд, мансууруулах бодис хэрэглэх, биеэ үнэлэх, гэр бүлээс гадуур бэлгийн харьцаатай байх зэрэг асуудлуудыг шударгаар, илүү прагматикаар авч үзэн, үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй ч байж болох юм. Энэ бүхнийг үр дүнд хүргэхийн тулд, ХДХВ/ДОХ-ыг тойрсон дайсагнасан уур амьсгалыг бид өөрчлөх хэрэгтэй.

ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн үг:

“Ямар ч байсан өөрийн байдлыг аль болох тоолгүй, эрүүл ухаанаар сэтгэн, ажиллаж, амьдрах хүч чадлыг олж авсандаа баярлаж явдаг. Гэвч ганцаараа байсан бол хэзээ ч чадахгүй байсан. Намайг ойлгодог, хайрладаг хүмүүст хязгааргүй баярлалаа. Тэдний надад өгсөн итгэл найдвар, илэн далангүй харилцаа, ойлголт нь хөл дээрээ бат зогсоход минь тусалсан юм.”

“Өдөр ирэх тусам миний хэвийн амьдрал үргэлжилнэ. Энэ үгийг уншиж байгаа хүнд “Би аюулгүй ээ. Би таны л адил хүн. Ганцхан шинжилгээ өгсний дараа “эерэг” хариу авсанаараа л ялгаатай байх” гэж хэлмээр байна. Би амьдралд гутарч явмааргүй байна. Амьдрал гэдэг чинь өдөр шөнө ээлжлэхийг зогсоож болохгүйн адил урьдчилан таахын аргагүй хувь зохиолыг эргүүлж байх юм. Бид чинь амьдрахын төлөө төрж, үхэхийн тулд амьдарч байна даа. ”

“ Би өөрийнхөө оношинд аль хэдийнээ эвлэрсэн. Миний амьдралыг утгатай, зорилготой болгож ямар нэг хэрэгтэй зүйл хийхэд дуудах болсон нь харин үнэн. Одоо надад амьдрал хэр зэрэг удаан үргэлжлэх вэ гэдэг гол биш, харин амьдралын чанар л сонирхолыг минь татаж байна”

“Өөрийн амьралыг эргэж харахад халдвар авахын “өмнө” ба ”дараа” гэсэн хоёр том хэсэгт хуваагдаж харагддаг. Өөрийн үе тэнгийнхнээсээ бага хугацаанд амьдрах болсноо мэдээд “яагаад энэ бүхэн надтай тохиолдвоо” гэж өөрөөсөө асуухын оронд “би өөрийнхөө үлдсэн амьдралаа яавал нөхөр хүү, эцэг эхдээ эргэж буцалтгүйгээр бүхлээр нь зориулах вэ” гэдэгт бүх хүчээ дайчлах болсон. Тиймээс би амьдралд сөхрөөгүй ээ...” .

Сүүлд шинэчлэгдсэн ( 2011 оны 12-р сарын 28, Лхагва гариг, 03:48 )